ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Дүүргийн товч танилцуулга

Чингэлтэй дүүрэг нь Нийслэлийн хойморыг эзлэн, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдтэй хил залгаа оршдог.

8.9 мянган га газар нутагтай, түүний 30.3% нь ХАА-н эдэлбэр, 27.0% нь хот суурин, зам, шугам сүлжээ, 37.1% нь ой, 4.5% нь усан сан бүхий газар болно.

Тус дүүрэг 37914 өрхийн 153933 гаруй хүн амтай, үүний 46.8% эрэгтэй, 53.2% эмэгтэйчүүд байдаг.

Засаг захиргааны нэгж 19 хороотой, үүнээс 6 хороо байшин хороолол, 13 хороо нь гэрийн хороолол болно.

Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 23, хувийн өмчийн 13, нийт 36 цэцэрлэг байдаг бөгөөд төрийн өмчийн 13, хувийн өмчийн 9, нийт 22 ерөнхий  боловсролын сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцаж, боловсролын салбарт 1167 багш, ажилчид ажиллаж байна. Мөн Хөдөлмөрийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм-Оюу, Улаанбаатар Эрдэм-Судлал, Соёлын коллеж, Соёл урлагийн их сургуулиуд байрладаг. Дүүргийн нутаг дэвсгэрт Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Тэнгис кино театр зэрэг түүх соёлын үзвэр үйлчилгээний  газрууд байдаг.

Дүүргийн эдийн засгийн гол салбар нь хөнгөн үйлдвэр, барилга, худалдаа, харилцаа холбооны салбар юм. Тухайлбал Монголын Цахилгаан Холбоо,  Датаком, Мобиком, Сансар, Ньютел зэрэг томоохон компаниудаас гадна Номин, Бишрэлт трейд, Хүчит шонхор хүнсний зах, Нарны титэм, Марс,  Бөмбөгөр зэрэг томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Дүүргийн нутаг дэвсгэрт төр захиргааны болон хууль хяналтын байгууллагууд, мөн Монгол банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд байдаг.

Аж үйлдвэрийн салбарт Зоос гоёл, Үнэт цаасны үйлдвэр, Интерпресс, Юнжин, Монгол зэрэг томоохон компаниуд бүтээгдэхүүний борлуулалт хийдэг.

Барилгын салбарт Хүрд, Одсафт, Монтёр, Монинжбар, Монсан зэрэг улсын хэмжээний томоохон компаниуд барилга угсралт, их засварын ажил  гүйцэтгэж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт төсөвт байгууллага 214, төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 30, хувьцаат компани 9, хязгаарлагдмал хувьцаат компани 8638, хоршоо 39, олон нийтийн 153 байгууллага үйл ажиллагаагаа явуулж ажилладаг.