Т.УЛАМБАЯР: ТИКА-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА 2025.03.13
Чингэлтэй дүүрэг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Хөтөлбөр зохицуулагч Муслу Алитай уулзлаа.
ТИКА нь Монгол Улсад 2004 онд албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн.
Чингэлтэй дүүрэгтэй боловсрол, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс Анкарагийн гудамжны тохижилт, Ататуркийн нэрэмжит 5-р сургууль, Хүүхдийн номын өргөөний тоног төхөөрөмж, Чингэлтэй дүүргийн 17-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга зэргийг дурдаж болох юм.
Уулзалтын үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Чингэлтэй дүүрэг нь нийслэлийн хөгжлийн нэгэн чухал төв бөгөөд бид дүүргийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой хөгжил, инновацыг дэмжих чиглэлээр олон санаачилгыг хэрэгжүүлдэг. Цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, ялангуяа эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Мөн худалдаа, боловсролын салбарт хамтрах ажиллах боломжтой” гэсэн юм.
Дүүргийн Засаг дарга Н.Мандуулын зүгээс дүүрэгтээ худалдааны гудамжтай болохоор төлөвлөж байгаагаа хэлээд, энэ салбарт ТИКА-тай хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт болон туршлага судлах сургалтууд хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа хэлэв.
Харин ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Хөтөлбөр зохицуулагч Муслу Али эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэр бүл, нийгмийн асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Анкарагийн гудамжны тохижилтийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг сайжруулах тал дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, ирэх долоо хоногт Чингэлтэй дүүрэгт ажиллахаар боллоо.