ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧИД ЭРЭЭН ХОТОД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Нийслэл хотын өнгө үзэмж болсон Чингэлтэй дүүргийн гудамж талбай, ногоон байгууламж ямар байх нь тохижилт үйлчилгээний ажилчдаас хамаардаг гэхэд хилсдэхгүй. Харин тэдний сурч боловсрох нөхцөл бололцоог дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрдүүлэн өгч хамтын ажиллагаат Эрээн хотод 3 хоногийн сургалтанд хамрууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан санамж бичгийн хүрээнд тусгагдсан хот тохижилт, ногоон байгууламжын ажлыг хэрэгжүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Одоор ахлуулсан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний 10 ажилтан ӨМӨЗО-ны Эрээн хотод “Ногоон байгууламжийн технологийн сургалт”-д 2019 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хамрагдлаа.

Сургалтыг онол практик хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Эрээн хотын цаг уур Улаанбаатар хоттой ижил төстэй бөгөөд ногоон байгууламжийг хэрхэн тарьж ургуулж, арчилж байгаа талаараа мэдлэг, туршлагаасаа сургалтын үеэр харамгүй зааж сургасанд дүүргийн тохижилтын үйлчилгээний ажилчид баяртай байгаагаа илэрхийлж байлаа.




