ЯЙЗҮ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЛАА 2025.08.28
Чингэлтэй дүүрэг Япон Улсын Шизүока мужийн Яйзү хоттой “Найрамдалт харилцаат хот, дүүрэг”-ийн харилцаатай хамтран ажилладаг билээ. Энэ хүрээнд тус хотын Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн дэд дарга Сакакибара Шёожи тэргүүтэй зочдыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Чингэлтэй Япон Од нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Б.Нямдорж, Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч З.Бямбажав, Хурлын Ажлын албаны дарга Б.Нацагдорж нар оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Монгол, Япон талын нийгэмлэгүүд соёл, боловсрол, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, харилцан бие биеийнхээ ёс заншлыг сурталчлах, хоёр талын хүүхэд залуучуудыг скаутын холбоогоор дамжуулан нөхөрлүүлэх, найрамдлын нийгэмлэгийн кемпийг Чингэлтэй дүүрэгт байгуулж, харилцаа холбоог өргөжүүлэх, харилцан бараа бүтээгдэхүүн борлуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн айлчлалын хүрээнд Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд Тусгаар тогтнолын талбайд Яйзү хотын бараа бүтээгдэхүүний танилцуулгыг гаргаж, иргэдэд Япон Улс болоод Яйзү хотын талаар ойлголт, мэдээллийг өгөв. Түүнчлэн Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Накажима Наоко дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд япон хүүхэлдэй урлалын сургалт явуулж, туршлага солилцлоо.