ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд “Чингэлтэйд үйлдвэрлэв төв”-ийг Манжуур хотод нээх асуудлаар Хурлын Төлөөлөгч Л.Ариунтуяа, Тэргүүлэгч Х.Алтаншагай нар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд Фата групптэй хийх ажлын уулзалтанд оролцлоо. Тус уулзалтын хүрээнд Шинэ барга зүүн хошууны Хилийн чөлөөт худалдааны татваргүй бүс болон Манжуур хотын Хятад-Оросын хилийн чөлөөт худалдааны татваргүй бүсэд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулах талаар, мөн “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг энэ оны 6 дугаар сард нээх талаар санал солилцлоо. Энэ ажлын үр дүнд Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадад борлуулснаар өрхийн орлого нэмэгдэж, эдийн засгийн хувьд таатай орчин бүрдэж байгаа юм. Цаашлаад үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргахад чухал алхам болж байна. Энэ нь дүүргийн зүгээс иргэдийн ахуй амьжиргааг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт юм.