-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын
27-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралт
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ШАГНАЛЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Төрийн бодлого, зорилт, хууль тогтоомж, бүх шатны Хурлын шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, дүүрэг орон нутгийг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан байгууллага аж ахуйн нэгж, албан хаагч, иргэдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын хамтарсан шагналаар шагнаж урамшуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Дүүрэг орон нутгийг хөгжүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан Монгол улсын болон гадаадын иргэнийг шагнаж болно.
Хоёр. Шагналын төрөл
2.1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал нь дараах ангилалтай байна.
2.1.1 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Засаг даргын хамтарсан шагнал:
а/ “Дүүргийн шилдэг аж ахуйн нэгж байгууллага” цом, өргөмжлөл;
б/ Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн ” батламж, зүүсгэл ;
2.1.2 Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагнал:
а/ “Чандмань одон” үнэмлэх;
б/ “Хүндэт өргөмжлөл” ;
Гурав. Шагнал олгох болзол, шалгуур
3.1. Энэхүү журмын 2.1.1-д заасан шагналыг шинэ жилийн баярын өдрөөр,
2.1.2-т заасан шагналыг бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тухайн байгууллагын ойгоор олгоно.
3.2 “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ын шагналын зорилго нь Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит, хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллага, хамт олныг шилдгээр шалгаруулан шагнахад оршино.
3.2.1 Шилдэг аж ахуйн нэгжийг дараах төрлөөр шалгаруулж, шагнана. Үүнд:
1. “Шилдэг тохижилттой байгууллага” хамт олон
2. “Шилдэг татвар төлөгч” хамт олон
3. “Шилдэг ажил олгогч” хамт олон
4. “Байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгч” хамт олон
5. “Хүүхдэд ээлтэй хүмүүнлэг” хамт олон
6.“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” шилдэг байгууллага хамт олон
7. “Шинийг санаачлагч, бүтээлч” хамт олон
8. “Шилдэг Төрийн бус байгууллага” хамт олон
9. “Хуулийг дээдлэгч байгууллага” хамт олон
3.2.2 Шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгаруулж шагнахад дор дурдсан нийтлэг болзлыг харгалзан үзнэ.
• Тухайн салбартаа 5-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, тус салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
• Ажлын байр бий болгох зорилтын хүрээнд www.Job.mn сайтад бүртгэлтэй байх, мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, Төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг, дадлагын сургалтыг чанартай зохион байгуулсан байдал
• Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйл ажиллагаа нь чанар, стандартын шаардлага хангасан, байнгын түнштэй, түүхий эд материалаа дотоодоосоо хангадаг, борлуулалт, чанар хүртээмж нь олон нийтэд таашаагдсан танигдсан байх
• Бүтээгдэхүүний борлуулалтаараа дүүрэг, орон нутагтаа тэргүүлсэн, бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй тухай мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн
• Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлтэй уялдуулан өөрийн хөрөнгөөр байгууллага орчноо үлгэр жишээ тохижуулсан байх
• Дүүргийн төсвийн бүрдүүлэлтэд тодорхой хувь нэмэр оруулж, төлсөн татварын хэмжээ нь жил дарааллан өссөн үзүүлэлттэй, татварын аливаа зөрчилгүй байх
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх энэ чиглэлээр дүүргээс дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа чанд баримтлан, зөрчил гаргаагүй байх, ажлын байр орчин тойрондоо хяналтын камер болон бусад урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авсан байх
• Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгмийн сайн сайхны төлөө дүүрэг орон нутагтаа хүмүүнлэг, оюуны болон бүтээн байгуулалтын чиглэлээр бодит үр дүнтэй ажил зохион байгуулсан байх
• Төрийн бус байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэлээр Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээгээр хэрэгжүүлэх ажил үүргийг хангалттай биелүүлж, дүүрэг орон нутагтаа нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байх
3.3. “Хүндэт иргэн”-ий шагналын зорилго нь дүүрэг орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, шинжлэх ухаан, техник технологи зэрэг салбарт хийж бүтээсэн ажил, амжилтаараа дүүрэг орон нутгийнхаа нэрийг улс, нийслэл, дэлхийн давцанд дуурсгасан онцгой гавьяа байгуулсан дүүргийн иргэнийг шалгаруулж шагнахад оршино.
3.3.1. “Хүндэт иргэн”-ээр шалгаруулж шагнахад дор дурдсан болзлыг харгалзан үзнэ.
• Хариуцсан ажил, туурвисан бүтээл нь хот, улс, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байх
• Дүүрэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн мэдлэг чадвараа дайчлан бүтээлч, шинэлэг, санал санаачлага дэвшүүлэн хэрэгжүүлж, Төр, нийгмийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт гар бие оролцдог байх
• Нийгмийн эмзэг бүлгийнхэнийг /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу иргэд/ дэмжих, асран тэтгэх, тэдэнд сэтгэл санааны болон эд материалын туслалцаа үзүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт идэвхтэй оролцдог байх
• Гэр бүл, үр хүүхдүүдээ өв тэгш өсгөн хүмүүжүүлсэн, аж амьдралаараа бусдад үлгэр дууриалал болж орчин тойрондоо үнэлэгдсэн байх
• Иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжиж, тэднийг бүлэг зохион байгуулалтад оруулан амьдарч буй орчин тойрондоо эрүүл аюулгүй тав тухтай орчин бүрдүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийсэн байх