ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХХҮХ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 500 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР НЭМЭГДСЭН

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” арга хэмжээнийхээ хүрээнд өнөөдөр дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллалаа.

Тус байгууллага чиг үүргийнхээ хүрээнд халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Халамж, тэтгэмжийн үйлчилгээний 50 орчим хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлдэг бол алдарт эхийн одон, насны хишиг, хүнсний эрхийн бичиг зэрэг дараа нь жин дардаг байна. Тэгвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллгааны хүрээнд өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 500 ажлын байр шинээр нэмэгдэж, 700 гаруй хүнийг ажлын байранд зуучилжээ.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.7 хувьтай байна. Сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд дүүргийн хэмжээнд ажил хайгч иргэний тоо буурсан бол ажлын байрны захиалга нэмэгджээ. Шалтгаан нь сүүлийн гурван жилд ковидын дараах эдийн засаг өсөж, бизнесүүд сэргэсэнтэй холбоотой гэж тус хэлтсийн дарга А.Сэрээтэр тайлбарлалаа.

Уг уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг олон нийт зөвхөн халамж өгдөг газар мэт ойлгодог. Гэвч бас нэг чухал чиг үүрэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг зохицуулах. Тиймээс байгууллагын үйл ажиллагаа чиг үүргээ иргэдийн дунд зөв ойлгуулах нь чухал. Мөн олон нийтийн дунд хөдөлмөр эрхлэх сэдлийг дэмжих, нөлөөллийн ажлуудыг хийх хэрэгтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс бол олон нийтийн нийгмийн үйл ажиллагаатай маш ойр байгууллага. Энэ утгаараа төрийн үйлчилгээг иргэдэд соёлтой, хүртээмжтэй хүргэснээр олон нийт сэтгэл хангалуун байна. Гаднын өндөр хөгжилтэй орнуудын иргэд төрийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байдаг нь ерөөсөө соёлтой, хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлж байгаатай холбоотой. Тиймээс иргэн төрийн үйлчилгээ авахаар төрийн байгууллагад ханддаг бус төрийн байгууллагын ажилтнууд иргэндээ хүрч үйлчилдэг соёлыг байгууллагын үйл ажиллгаандаа нэвтрүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНХАУ-ЫН ҮШИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДАА, ЖДҮ-ИЙН Ч...

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА,...

ХХҮХ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД...

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын э...