9 ДҮГЭЭР ХОРООНД ЗАМ, БАРИЛГЫН ТӨЛӨВЛӨЛТ, 10 ДУГААР ХОРООНД ХҮН АМЫН ТӨВЛӨРӨЛ АНХААРАХ АСУУДЛЫН НЭГ БОЛООД БАЙНА
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, дүүргээс сонгогдсон Төлөөлөгчид, холбогдох хэлтэс, албадын дарга нар 9, 10 дугаар хороонд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
9 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй өрнөж байна. Гэхдээ төлөвлөлтгүй зам, эмх цэгцгүй барилгууд баригдах эрсдэлтэй байна. Тиймээс анхнаас нь төлөвлөлтөд хяналт тавьж, газар чөлөөлөлтөд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тус хороонд төрийн өмчийн хоёр цэцэрлэг байна. Цэцэрлэгүүд хүчин чадлаасаа хэтрээгүй хэвийн ажиллаж байна. Харин 31 дүгээр цэцэрлэг анхнаасаа цэвдэгтэй газар баригдсан тул хана цуурсан асуудал үүсээд байна. Үүнийг нэн даруй шийдэхээр боллоо. Яваандаа цэцэрлэгийн барилгыг өөр газар шилжүүлэн барих хэрэгтэйг ч энэ үеэр хэлж байлаа.
Харин 10 дугаар хороонд хүн амын төвлөрөл жил бүр нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгараад байна. Одоогийн байдлаар 39 дүгээр сургууль 1100 хүүхдийн хүчин чадалтай хэрнээ 1780 хүүхэд суралцаж байна. Хэдийгээр даац ийнхүү хэтэрсэн ч анги танхимын зөв менежмент хийснээр гурван ээлжээр хичээллэхгүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар 10 дугаар хороонд орон сууцны зургаан блок баригдаж байна. Энэ нь ойролцоогоор 1000 орчим айл гэсэн үг. Эдгээр барилга ашиглалтад орвол 39 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй нүүр тулна. Нөгөө талаас тус хороо 7200 гаруй хүн ам, 1800 өрхтэй ч хаягийн бус хүн их байгаа юм. Энэ нь бас сургуулийн ачааллыг нэмэх шалтгаан болж байна.
Ийнхүү хороодын тус бүрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдэхийн зэрэгцээ шийдэх боломж, гарц гаргалгааг гаргаж ажиллалаа.