ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

БНТУ-ЫН "ТЭГ ХАЯГДАЛ САН"-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТТЭЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Турк Улсын (БНТУ) "Тэг хаягдал сан"-гийн тэргүүн Самед Агырбаш болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга Фуркан Фидан тэргүүтэй зочид, төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Төлөөлөгчид дүүргийн тохижилт, хог хаягдлын менежмент болон агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодит ажил, туршлагатай биечлэн танилцсан юм.

Тухайлбал 21 дүгээр хороонд байрлах хог цуглуулах, нягтаршуулж ачих зориулалт бүхий Ногоон булан, 10 дугаар хороонд байрлах ухаалаг далд хогийн сав болон зарим сэргээгдэх эрчим хүч ашиглагч өрхүүдээр зочилж, нөхцөл байдалтай танилцлаа.

Сүүлийн жилүүдэд дүүргийн хэмжээнд байгаль орчны бохирдлыг бууруулж, оршин суугчдын эрүүл, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хог цуглуулах, нягтаршуулж ачих зориулалттай төхөөрөмж болох “Ногоон булан”-г 3 ширхэг, ухаалаг далд хогийн сав 50 ширхгийг тус тус суурилуулсан. Эдгээр ажлууд нь ил задгай, үүсмэл хогийн цэгүүдийг цэгцлэх, тээвэрлэлтийн давтамжийг багасгах, орчны бохирдол, үнэр, хогны хийсэлт, асгаралтыг бууруулах, цэвэрлэгээний ажлыг илүү хурдан, үр дүнтэй болгох зэрэг олон давуу талтай юм.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний нарны хавтан (панел)-д 141 өрх, хийн (газан) түлшинд 4000 гаруй өрхийг холбосон нь цахилгаан болон дулааны асуудлыг байгаль орчинд ээлтэй, эко аргаар шийдвэрлэх чухал алхам болсныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр цохон тэмдэглэв.

Талууд цаашид байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, хог хаягдлыг бууруулах, "Тэг хаягдал" санаачилгын хүрээнд туршлага солилцож, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Турк Улс 2017 онд Туркийн тэргүүн хатагтай Э.Эрдоганы ивээл дор тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан хог хаягдлыг зохицуулах, хүрээлэн буй орчноо хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой “Тэг хаягдал” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2035 он гэхэд дахин боловсруулах хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулж, эргэх эдийн засгийн дэлхийн жишиг загварыг бүтээх зорилго тавьсан аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНТУ-ЫН "ТЭГ ХАЯГДАЛ САН"-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛ...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН XI ХУРАЛДА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчил...