ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан болж, 2026 оны төсвөө баталлаа.

 Дэд бүтцийн томоохон ажлууд үргэлжилнэ

Ирэх оны төсөвт дүүргийн хэмжээний томоохон төслүүд, бүтээн байгуулалтууд хэрэгжих эхлэл тавигдснаараа онцлог. Тухайлбал, дэд бүтэц, шугам сүлжээний 12 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр дүүргийн зөвхөн 14-р хороонд гэхэд Эрт илрүүлэг оношилгооны төв тэргүүтэй зургаан барилга дулаан хангамжид холбогдох асуудал шийдэгдэнэ.

Агаарын бохирдол бууруулахад манлайлж ажиллаж байна

Дүүргийн төсөв энэ жил агаарын бохирдлыг бууруулах төсвийг нэмэгдүүлэн баталлаа. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Чингэлтэй дүүрэг есөн дүүрэгтээ манлайлан ажиллаж байгааг нийслэлийн зүгээс сайшаасан. Энэ хүрээндээ “Дулаалга” аян өрнүүлж, айл, өрхийг дулаалах, цонх, хаалга зэргийн дулаан алдагдлыг бууруулах, газ борлуулалт, баллон цэнэглэх төв байгуулах, тохижуулах зэрэгт зарцуулахаар төлөвлөөд байна. Мөн айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслүүд хэлэлцээний шатанд явж байна.

Хороо бүрд хогны байцаагч ажиллана

Иргэдийн зүгээс хамгийн ихээр шүүмжлэлтэй ханддаг хогны асуудлыг эрчимтэй шийдэхээр төлөвлөн ирэх оны төсөвт хогны байцаагчдыг нэмж ажиллуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүрэгт 2025 онд 12 хогны байцаагч ажилласан бол ирэх онд 24 хогны байцаагч буюу хороо бүрд хогны байцаагч ажиллуулахаар тооцоод байна. Төсвийн орлого төвлөрүүлэлт талаасаа ч хог хаягдлын хураамжийн тарифыг энэ онд шинэчлэн баталсан. Ирэх онд шинэчилсэн тарифаар хог хаягдлын хураамжийг авах тул орлого төвлөрүүлэх тал дээр ахиц гарна гэж төсөв боловсруулагчид үзжээ.

Гарааны бизнесийг дэмжих санхүүжилт тусгалаа

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хэд хэдэн санаачилгыг төсөвт тусгасны нэг нь гарааны бизнесийг /start up/ дэмжих санхүүжилт юм. Харин дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн зүгээс энэхүү санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэдэг санал гаргав. Мөн “Чингэлтэйд үйлдвэрлэв 2028” арга хэмжээний хөтөлбөрийн санхүүжилтийг ч өсгөх хэрэгтэйг хэллээ.

 Есөн дүүргийг дугуйн замаар холбоно

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд явган замын бүтээн байгуулалтад анхаарч, 15 байршилд явган зам хийж, сайжруулсан. Харин 2026 онд дугуйн зам шинээр хийхээр 3.1 тэрбум төгрөг дүүргийн төсөвт тусгалаа. Нийслэлээс ирэх онд 9 дүүргийг тойрог хэлбэртэй дугуйн замаар холбох бодлого барьсан төдийгүй зураг төслийг хийж гүйцэтгэсэн байна. Энэ дагуу дүүргийн зүгээс дээрх санхүүжилтийг төсөвтөө тусгасан юм.

Сургууль, цэцэрлэгийн камерыг нэмнэ

Чингэлтэй дүүрэг 2022 онд Теле камерын хяналтын төвөө анх байгуулж, 2022-2024 онд 22 хорооны нутаг дэвсгэрт 638 цэгт стандартын шаардлага хангасан 2538 хяналтын камерыг суурилуулсан байдаг. Камер ашиглалт сүүлийн үед муу байгааг Төлөөлөгчид хурцаар шүүмжлэв. Харин Камерын хяналтын дэд төвийн удирдлагын зүгээс ондоо багтаагаад камерын ашиглалтыг сайжруулна гэлээ. Ирэх онд Чингэлтэй дүүрэг сургууль, цэцэрлэгийнхээ камержуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр сургууль, цэцэрлэг орчмын хулгай, гэмт хэрэг улам буурч, аюулгүй орчин сайжрах юм.

Дүүргийн төсвийн тодорхой хувийг хүний хөгжил, инновацад зарцуулдаг байх санал гаргалаа

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн зүгээс дүүргийн төсөв хэт материаллаг байгааг хэлээд цаашид дүүргийн төсвийн тодорхой хувийг хүний хөгжил, инновацад зарцуулдаг байх санаачилгыг гаргалаа. Ингэхдээ бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нь хүний амьдрах орчин, сурч, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах хэдий ч хүний хөгжил, хүн рүү чиглэсэн төсвийн бодлого орхигдуулж болохгүй гэдгийг хэлсэн юм.

Үргэлжлүүлэн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар

-2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

-2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2026 оны төлөвлөгөө батлах тухай,

-Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэх тухай,

-Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлах тухай гэх мэт асуудлыг хэлэлцсэн юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА