ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралдаанаар залилах гэмт хэргийн төрөл, нөхцөл байдал, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийсэн арга хэмжээ болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, таних арга, эрх зүйн хариуцлага гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд улс даяар залилах гэмт хэргийн тоо өссөөр байгаа. Чингэлтэй дүүрэгт гэхэд 2025 онд залилах гэмт хэргийн тоо өмнөх оноос 24.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 44.9 хувь юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Долоо хэмж” нөлөөллийн аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зарлав.

Мөн өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оноосоо 6.5 дахин, энэ төрлийн зөрчил 72 хувиар нэмэгджээ. Энэ утгаараа тус зөвлөлөөс хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, зорилтот бүлгийн иргэд, гэр бүлд чиглэсэн эрүүл мэнд, хууль зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр энэ онд ажиллахаар төлөвлөөд байна.

Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсээс өгсөн мэдээллээр хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг дуудлагын дийлэнх нь эцэг, эх нь архины хамааралтайн улмаас үл хайхрах хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлдэг гэлээ. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, дүүргийн Цагдаагийн газраас архидан согтууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 онд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 19 удаа зохион байгуулж, давтамжтай дуудлага мэдээлэл ирүүлдэг 8 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулж, 6 аж ахуйн нэгжийн үйлчилгээний цагийн хязгаарт өөрчлөлт оруулсан юм. Энэ мэт олон ажлыг зорин хийж байгаа ч архи, согтууруулах ундааны хууль бус эргэлт, цахим орчны худалдаа бүрэн таслан зогсоогдохгүй байгаад анхаарч үйл ажиллагаандаа дэвшилтэт техник, технологи ашиглах, мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг төрийн болон ТББ-уудтай хамтран зохион байгуулах шаардлагатай байгааг дүүргийн Цагдаагийн газрын дарга танилцууллаа.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА