ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО: “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал 2028” арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилт сайн байна

Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хороо өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2028”, “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал 2028” арга хэмжээний хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч, боловсрох, хөгжих эрхийг хамгаалах, хүчирхийлэл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал 2028” арга хэмжээ нь 3 зорилтын хүрээнд хэрэгжсэн байна. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх зорилтынхоо хүрээнд хамгааллын үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд зориулсан хөгжлийн хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг. Хүүхдийн нас, хамгааллын үйлчилгээ авч байгаа төрлөөс нь шалтгаалан харилцааны ур чадвар олгох, стресс тайлах, танин мэдэхүйн болон амьдрах ухааны чадварт суралцах, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үйлчилгээг мөн үзүүлж байна.

Чингэлтэй дүүргийн хүүхэд хамгаалах байранд өнгөрсөн шөнийн байдлаар 12 хүүхэд хоносон бол хамгаалах байранд байгаа хүүхдийн дундаж хоног 14.7 хоног байдаг гэлээ. Журамд энэ хоногийг 168 цаг буюу 7 хоног гэж заасан ч тухайн хүүхдийн асуудал шийдэгдэхгүй байсаар дээрх хоногт хүрдэг байна. Мөн гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч болсон хүүхдүүдэд амьдрах ухааны модуль сургалт, эрүүл мэнд, боловсрол олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Үүнээс гадна хүүхэд хамааллын чиглэлээр хүүхдийн тоглоомын талбайд хяналт, шалгалт хийжээ. Нийтийн эзэмшлийн 98, ЕБС-ийн 23, цэцэрлэгийн 47 гээд нийт 168 тоглоомын талбайд хяналт шалгалт хийсэн байна. Үүнээс 22 тоглоомын талбайг засварлах шаардлагатай гэж үзэн, шаардлагыг хүргүүлжээ.

Нөгөө талаас өсвөр үеийнхэн, залуусыг хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг тус хөтөлбөрийн хүрээнд тогтмол зохион байгуулж байна. Тодруулбал, “Шийтгэл бол шийдэл биш”, “Өсвөрийн цагдаа” зөвлөгөөн, Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлье гэх мэт нөлөөллийн ажлууд өрнөжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс олон улсын байгууллагын төсөлд хамрагдан, санхүүжилт татан ажиллаж байгааг танилцуулав. Энэ нь гэр бүлийн гишүүдийг цогцоор нь дэмжих хөтөлбөр юм байна. Өөрөөр хэлбэл, өрхийн санхүү, үйлдвэрлэлийг дэмжиж, эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг, хүүхдийг хувь хүний хөгжил,  гадаад хэлний сургалт зэрэгт хамруулж хөгжлийг дэмжих хөтөлбөр гэдгийг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулан Төлөөлөгчид асуулт асууж, үг хэлэв. Энэ үеэр Төлөөлөгч Ч.Болормаа “Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс олон улсын байгууллагын санхүүжилт татан, үйл ажиллагаа нь жигд сайн явж байна гэж харлаа. Нийгэм өөрөө үнэхээр стресстэй байгаа ч энэ дунд хүүхдүүдэд гэгээлэг ертөнц бүтээхээр ажиллаж, олон ч нөлөөллийн ажил, сургалт зохион байгуулсан нь арга хэмжээний хэрэгжилтээс харагдаж байна” гэсэн бол Төлөөлөгч Ц.Амаржаргал “Гэр бүл хөгжлийн нийгмийн ажилтны хүний нөөцийн асуудал хүнд байна. Ажил нь хүнд кейстэй тулдаг хэрнээ цалин, хангамж муу учир хүн тогтохгүй байна. Хамтарсан багийн зардлыг нэмэх шаардлагатай” гэдэг асуудлыг хөндсөн юм. Тэгвэл Төлөөлөгч А.Ганбаатар шинээр баригдах стандартын шаардлага хангасан хамгаалах байрны газар чөлөөлөлт, барилгын ажлыг яаравчлуулах хэрэгтэйг санууллаа. Хуралдаанд оролцсон Төлөөлөгчид “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал 2028” арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгааг мөн энэ үеэр дурдав.

Өргөтгөсөн хуралдааны үеэр хэлэлцсэн “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2028” арга хэмжээний тухайд дүүргийн хэмжээнд хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, ёс зүйн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр олон сургалт арга хэмжээ зохион байгуулж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал руу чиглэсэн бодлого барьж байгаагаа танилцуулсан юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА