ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд таван асуудал хэлэлцлээ.

2026 онд бүх сургууль, цэцэрлэгийг бүрэн камержуулна

Хуралдааны эхэнд “Чингэлтэй боловсрол 2028” арга хэмжээний хэрэгжилтийн явцтай танилцав. Чингэлтэй дүүрэг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, удирдлагын менежментийг сайжруулж, олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх зорилт тавихаас гадна боловсролын байгууллагын орчмыг хүүхдийн аюулгүй бүс болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид 2026 онд дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг бүрэн камержуулна. Мөн дүүргийн Боловсролын хэлтсээс сургууль, цэцэрлэг орчмын аюулгүйн зураглал гаргасан бөгөөд school police болон тухайн сургуулиас хүмүүсийг хуваарилан аюулгүйн тойрогт ажиллуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд аюулд өртөх магадлалтай газруудыг тогтоож, тэнд камераас гадна эргүүл ажиллах юм. Үүнийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль орчимд туршсан бөгөөд үр дүнтэй арга байжээ. Тиймээс цаашид сургуулиудад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Чингэлтэй нэгдсэн эмнэлэг энэ жилээс сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэхэд анхааран ажиллаж байна

Хэлэлцсэн асуудлын дараагийнх нь “Эрүүл, спортлог Чингэлтэй 2028” арга хэмжээний хэрэгжилт юм. Чингэлтэйн нэгдсэн эмнэлгээс энэ жил ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүдийн үзлэгийг тусгайлан зохион байгуулсан бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Түүнчлэн шүд, амны хөндийн өвчлөл бууруулахад анхаарч, энэ төрлийн үзлэгийг бүтэн жилийн турш явуулжээ.

Чингэлтэй нэгдсэн эмнэлэг энэ жилээс гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээндээ сэтгэцийн эмчийг тогтмол ажиллуулж, өвчтөн түүний ар гэрт сэтгэл зүйн эмчилгээг мөн давхар үзүүлж байгаа юм байна. Мөн үзлэгийн явцад сэтгэл зүйн хувьд анхаарал татсан хүүхдийн асран хамгаалагчийн хамт уулзаж, эмчилгээ хийж байна.

Ахмад настны хөгжлийн төвийг үе шаттай байгуулж байна

“Чингэлтэйн ахмадууд 2028” арга хэмжээний хамгийн гол зорилт бол Ахмадын хөгжлийн төвийг хороодод үе шаттай байгуулж, тэдний нийгмийн оролцоог хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгох юм. Энэ ч утгаараа 2025 онд Чингэлтэй дүүрэг одоогийн байдлаар дөрвөн хороонд ахмадад чиглэсэн төв байгууллаа. Тодруулбал, 3, 19, 9 дүгээр хороонд Ахмадын хөгжлийн төв байгуулсан бол 5 дугаар хороонд Ахмадын чийрэгжүүлэлтийн төв байгуулан ажиллуулж байна. Удахгүй дүүргийн 4 дүгээр хорооны хуучин байрны барилгын нэг давхрыг Ахмадын хөгжлийн төв болгохоор засварлаж байгаа юм. Мөн өрхийн эмнэлгүүдэд ахмадын эмч ажиллаж, тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлж байна.

Мөн хуралдааны төгсгөлд “Соёлтой иргэн 2028”, “Цахим Чингэлтэй 2028” арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргасан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА