БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажилласаар буй. Энэ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаярын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Перера Чингэлтэй дүүрэгт зочиллоо.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад Франц хэл, соёлын сургалт явуулах, хамтарсан соёл, урлагийн үзэсгэлэн гаргах, галын аюулгүй байдал, агаараас авран хамгаалах талаар сургалт, арга хэмжээ зохион байгуулахаар санал солилцов.
Энэ жил Монгол, Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм. Гэхдээ хоёр улсын харилцаа 60 жилээр хязгаарлагдахгүй өнө эртнээс, Мөнх хааны үед Францын элч Монголд ирж байсан тухай түүхэн баримтууд бийг уулзалтын үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр онцоллоо. Элчин сайд Коринн Перерагийн зүгээс хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, нэрэмжит ойн төгөл байгуулах зэрэг ажлуудыг хамтран хийх санал гарган, талууд тохиролцлоо.
Манай хоёр улс археологи, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, соёл урлаг, уран, аялал жуулчлал гэх мэт олон салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг. Хоёр улсын хамтын ажиллагаа жил ирэх бүр улам гүнзгийрэн батжиж байгаа бөгөөд үүний хамгийн сүүлийн жишээ нь Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн явдал юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд түүхэн ач холбогдолтой билээ.