ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 24 хорооны Засаг дарга нарт бодлогын дэмжлэг үзүүлэх, харилцан санал солилцох, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Уянга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль эрх зүйн мэдээлэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн чиг үүрэг, бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол дүүргийн Прокурор болон Цагдаагийн газар, “Галт шувуу” ТББ-аас сургалт орж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Засаг дарга нарын оролцоо, Гэр бүлийн хүчирхийллийн шинэчилсэн хууль, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Мөн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Уламбаяр хамтарсан багийн үйл ажиллагааг идэвжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах болон шинэ санал санаачилга гарган ажиллахыг дэмжихээ илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Хороо бол төрийн үйлчилгээг хамгийн анхан шатанд нь иргэн, олон нийтэд хүргэдэг засаг захиргааны нэгж юм. Энэ утгаараа тухайн нутаг дэвсгэрийнхээ хүүхэд хамгаалал, төрийн үйлчилгээний хүртээмж, үнийн өсөлт, гэмт хэргийн гаралт гээд нийгэм, эдийн засаг, улс төрийн нөлөөлөл хамгийн түрүүн тусаж, мэдрэгддэг газар. Тиймээс хууль эрх зүйн өөрчлөлт, мэдээ мэдээллийг хамгийн түрүүн авч, мэдлэгээ тэлэх ёстой” гэсэн юм.