"Улаанбаатар хот-2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар дүүргийн иргэдэд "Улаанбаатар хот-2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл 24 томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус төлөвлөгөөнд түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг буруулах болон бусад чухал төсөл, хөтөлбөрүүд багтжээ.
Энэ хүрээнд “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний агаарын бохирдлыг бууруулах эхний ажил Чингэлтэй дүүрэгт аль хэдийнээ эхэлжээ. Тодруулбал Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын талбайг бэлтгэх, чөлөөлөгдсөн нэгж талбарын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн ажил хийгдээд явж байна.
Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” болгоход Улаанбаатар метро, трамвай, тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус буюу BRT, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT гэх 10 мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.